2009-07-04

Зөвхөн нээлттэйг нь

Ам нээвэл уушиг нээ гэдэг. Өмнөх бичлэгээ үргэлжлүүлээд, бас бус хүмүүсийн асуудаг асуулт, ярьдаг зүйлд өөрийн тайлбар өгч, бодлоо хуваалцахаар мөн та бүхний сэтгэгдлийг сонсох нь зөв байх гэж бодож байна. Блог маань та бүхэнтэй харилцах, хамтрын ажиллах талбар юм шүү.

Windows чинь зах зээлийн дийлэнхийг эзэлсэн, манайхан ч гэсэн ашиглаад сурсан болохоор Windows-ийг орчуулах нь зөв гэж ярьж байхыг олонтаа сонсож байсан. Хэдийгээр Windows зах зээлийг эзэлсэн нь үнэн боловч бидний хувьд таатай нөхцөл гэх зүйл бараг байхгүй байна. Эх хэл дээрээ ашиглах боломж алга. Сайн дураараа орчуулга хийх боломж алга. Харин одоогоор хууль зүйн хувьд, ёс зүйн хувьд ч нээлттэй програмыг ашиглах нь бидэнд ашигтай бас илүү өргөн боломжийг бий болгож байна. Харин эдгээрийг Microsoft бий болгоод манай зах зээлд санал болговол татгалзах зүйл байхгүй. Бүр сонголт бий болоод, өрсөлдөөн бий болохоор бидний хийж буй зүйл ч гэсэн чанаржих ёстой. Миний хувьд харин ч таатай, алга ташин хүлээн авна.

Нээлттэй програм чинь мөнгө хэмнэнэ гэх юм Windows-ийг 10$ эсвэл үнэгүй авч болж байна шүү дээ. Үнэгүйгийн хувьд бид хууль ёсны дагуу авч байна уу гэдэг асуулт их сонин. Хямд байж болох нь бидэнд сонголт үүсгэж байгаа ч яг Windows маань юу билээ гэдгийг нухацтай бодвол хариулт нь сонин. Дээхнэ үед "Хүүхэд Бүрт Компьютер" төслийн буюу нөгөө "ногоон тооцоолуур" XO дээр Windows ашиглах талаар хэлэлцүүлэг өрнөж байхад тавигдсан нэгэн чухал асуултын утга нь "Windows маань дангаараа хэр хэрэгцээтэй зүйл вэ" гэж байсан юм. Та Windows дээр нэг ч нэмэлт програм суулгалгүй ашиглах гэж оролдож байсан уу? Юу хийж болж байна вэ? Миний хувьд бараг юу ч байхгүй байсан, баахан юм нэмж суулгаж байж л жаахан юм хийх боломжтой буюу ажлын багаж болдог. Тэгэхээр нэмэлтүүдийг нь бид яах вэ? Нөгөө талаасаа Windows маань ийм юм бол түүнийг орчуулах нь бараг ямар ч ач холбогдолгүй зүйл юм. Бид хэрэгцээтэй зүйл хийе гэвэл Kaspersky, Adobe гээд баахан газартай холбоо барьж, орчуулах зөвшөөрөл авах хэрэгтэй болох нь. Миний хувьд Үбүнтүг дангаар нь суулгахад бараг бүх хэрэгцээт програм маань дагаад ирдэг, ажил хийх боломжтой.

Мөн өмнөх бичлэгт үлдээсэн сэтгэгдлүүдэд багахан хариулт бас тайлбар өгвөл... Хэл соёл устахаас айх хэрэггүй биш харин хэвээр нь хадгалан авч үлдэхийг хичээх хэрэгтэй. Бид ерөнхийгөөс нарийн руу сэтгэдэг, энэ л бидний хэв шинж, онцлог юм. Бид Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг гэж ярьдаг байхад сүүлийн үед Улаанбаатар хот, Монгол Улс гэж бичих нь их болж. Бас "С.Дөлмандах нээлттэй эхийн програм хангамжийг орчуулах нь зөв гэж ээ" гэж бичихийн оронд "нээлттэй эхийн програм хангамжийг орчуулах нь зөв гэж ээ, С.Дөлмандах" гэж бичээд, өгүүлбэрийн бүтэц нь орос эсвэл англи хэлтэй их төстэй болоод ч байх шиг. Эд чинь бидний хэл соёл нэг л биш болоод байгааг илэрхийлэхгүй гэж үү? Гэхдээ хувьдаа бүх үгийг орчуулах гэж оролдох нь хийрхэл, харин галиглах, орчуулахын тэнцвэрийг олох л хэрэгтэй байх.

Төр бидний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, туслах талаас оролцох болохоос голлох үүрэгтэй оролцохгүй болохоор сүртэй айх зүйл байхгүй болов уу. Харин бид тэдэнтэй хэрхэн хамтран ажиллах, юуг өгч юуг авах вэ гэдэг талаараа илүү ярилцвал зүгээр байх. Хэл шинжээчдийг оролцуулах нь зөв. Бид эх хэлээ хэр сайн мэддэг ээ шалгахын тулд Цэвэлийн толийг нээж үзэхэд л хангалттай. Харин юуг нь авч, юуг нь авахгүй вэ гэдгийг бид л шийднэ шүү дээ.

Үгсийн сангийн хувьд өмнө хийсэн ажил байгаа нь бидэнд маш олон давуу талыг өгч байна. Бид юун дээр алдаж, юун дээр онов, дараа нь юун дээр анхаарах вэ гэх мэт суурийг маань тавьж өгсөн гэж болно. ОпенМН багийн хамт олонд талархал илэрхийлэх нь зүйтэй. Харин хүсэх зүйл гэвэл ямар хаягаар яаж хандах вэ, хэрхэн сайжруулж, өөрийн хувь нэмэрийг оруулж болох вэ гэдэг зүйлсийг илүү тодорхой бас нээлттэй болгож өгвөл таатай хүлээн авна гэдэгт эргэлзэхгүй байна. Нээлттэй зүйл илүү зөв, илүү хурдан хөгжих боломжтой гэж хувьдаа үздэг.

Дээр бичсэн зөвхөн миний л бодол. Санал нийлэхгүй зүйл эсвэл зүгээр л хэлэх зүйл байвал сэтгэгдэл болгон үлдээхийг хүсч байна.

2009-07-03

Математикч байх албагүй

Нутагшуулалтын талаар ярихаар, блог дээрээ бичихээр зарим хүмүүс эсэргүйцэхдээ "англи хэл сурахад нь дөхөм" эсвэл "хөгжихөд нь хэрэгтэй" зэрэг шалтгаануудыг нэрлэдэг . Энэ үгийг саяханы нэг өдөр бас л сонсоодохов. Хэдийгээр англи хэл сурах нь тухайн хүнд хэрэгтэй, даяаршсан нийгэмд нэн чухал боловч "хүн бүр математикч байх албагүй" гэдэгтэй ижил хүн бүр англи хэлтэй байх албагүй. Угаасаа нийгмийн хуваарилалтын дагуу бүх хүн ухаантай, хэлтэй, мэдлэгтэй, менежер эсвэл дарга байх боломжгүй юм. Харин хүн, тэр дундаа орчин үеийн, мэдээллийн эрин зууны хүн байхын тулд мэдээллийн технологийг ашиглаж чаддаг, мэдээллийг олон сувгаар авдаг байх хэрэгтэй. Тиймээс тэр хэсэгт технологи, мэдээллийг хүргэхийн тулд, өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрэмэлзлийг нь өдөөхийн тулд бид нутагшуулалтыг заавал хийх ёстой гэж боддог.

Зарим нь технологи асар хурдтай хөгжиж байна, минут эсвэл секунд тутамд асар их хэмжээний мэдээлэл үүсч байна, харин энэ бүхнийг орчуулгаар дамжуулбал бид хурдыг нь гүйцэхгүй гэх. Технологи хөгжиж байгаа ч хүний хөгжил өөрөө их удаан явагдаж байна. Нөгөө талаасаа технологийн дэвшлийг заавал ашиглах шаардлага ч гарахгүй байна. Үнэндээ хэрэгцээ хангаж байвал хуучин шинэ байх нь сонин биш болов уу. Би гэхэд л утсаараа зураг авч үзээгүй гэхэд болно, зөвхөн ярьж бас мессеэж бичдэг. Мэдээллийн хувьд телевизийн олон сувгаар төрөл бүрийн нэвтрүүлэг, мэдээ мэдээлэл цацагдах боловч сонирхолтой, хэрэгтэй нь хэд билээ? Орой аль нэг телевизээр гарах мэдээ 30 минут үргэлжлэх боловч яг бидэнд хамаатай нь хэд билээ? Интернэт, вэб ч бас ялгаагүй. Хүн хэрэгцээт мэдээллээ яаж ийж байгаад олоод л авдаг. Миний хувьд зурагт бараг үздэггүй, радио бол бүр сонсохгүй байгаа. Сүүлийн үед "House" гээд кино үздэг болсон :).

Бүр нөгөө хэсэг нь "орчуулах хэрэггүй, англиар нь илүү ойлгомжтой" эсвэл "монголоор болохоор ойлгохгүй юм, зүгээр галгилчихвал ойлгомжтой" гэх мэт тайлбар хийнэ. Гэтэл америкчуудын дунд явуулсан нэг судалгаанаас бараг 80% нь "компьютерийн" гэх тодотголтой үг хэллэгүүдийг мэддэггүй, ойлгодоггүй болох нь тогтоогдсон байсныг уншаад гайхаж байснаа санаж байна. Төрөлх хэлтнүүд, бүр бүтээгсэн үндэстэн нь ингэж байхад бидэнд англиараа илүү ойлгомжтой байна гэдэг үнэхээр эргэлзээтэй. Үнэхээр ойлгодог хүмүүс байгааг үгүйсгэхгүй, гэхдээ нийт хүн амын, технологи ашиглах боломжтой хүмүүсийн хэдэн хувь байх бол? Миний бодлоор өчүүхэн хэсэг нь л... Үг сонголтын хувьд бид өөрсдөө хэлний мэргэжилтнүүд биш учир алдаж оносон зүйл байхыг үгүйсгэхгүй. Би ч бас хэдэн жилийн өмнө "галиглах" талыг баримтлах нь зөв гэж бодож байсан ч 3 настай жаахан охин дүү маань миний санамсаргүй хэлсэн гадаад үгийг үндэс, угтвар, дагавараар задлаад утгыг нь ойлгох гэж оролдоод, чадахгүй болохоороо надаас утгыг нь асуухад би үнэхээр гайхсан. Хэрэв бид өөрийн үгээ эсвэл гадаадыг үгийг өөриймшүүлж авч чадах юм бол тун ч ойлгомжтой байж чадах юм байна гэж үүнээс ойлгосон. Гэхдээ эх хэлээрээ гадаад хэлнээс дутуу ойлгож, түүнийгээ өөгшүүлнэ гэдэг бол "буруу зүйл" юм. Бид ингэтлээ төрөлх соёлоо алдан гадааджиж, үүнийгээ сармагжуулах, эх соёлоо сэргээх талаар хичээл зүтгэл гаргахгүй, харин өмөөрч байна гэдэг нь үнэхээр харамсалтай.

Ямартай ч нутагшуулалтыг зөв хийх нь технологийг хүртээмжтэй болгохоосоо гадна эх соёлоо хадгалан үлдэх бас нэгэн боломж гэж хувьдаа боддог. Ашиглагдахгүй удсан, мартагдсан үгсийг сэргээн гаргаж ирэх, үгийг шинэ утгаар баяжуулах, найруулгын зөв хэв маягийг өдөр тутмын хэрэглээ болгох гээд олон сайн тал бий. Энэ тал дээр дэмжихээ боловсролын сайд Ё.Отгонбаяр хэдхэн хоногийн өмнө уулзахад илэрхийлж, нэгэн даргадаа үүрэг болгосон. Харин энэхүү холбоог хэрхэн цааш нь үр ашигтайгаар хөгжүүлэх, хэл шинжээчдээс юуг нь авч юу өгөхөө сайтар хэлэлцэх л үлдэж байх шиг байна. Бид хэрхэн хамтран ажиллах хэрэгтэй гэж та бодож байна вэ? Хувилбар дэвшүүлээч...

2009-06-23

Twitter

Миний бие өөрийгөө гайгүй технологижсон гэж боддог ч гэрийн угаалгын машинаас авахуулаад энгийн зүйлсийг ажиллуулахдаа тун тааруухан гэж байгаа. Бас технологийн хэрэглээг ихээхэн дэмжиж, вэб 2.0 гэж ярих атлаа өөрөө тийм ч идэвхитэй хэрэглэгч бол биш. Ашиглаад байдаггүй болохоос биш Flickr, Facebook, Hi5, MySpace, LinkedIn, Digg гээд гадаадын болон дотоодын BizNetwork зэрэг үйлчилгээнүүдэд данс үүсгээд, хальт туршиж үзээд орхисон байгаа. Харин blogger, delicious-ийг гайгүй ашиглаад байдаг юм. Харин сүүлийн үед үргэлж ашигладаг нэг зүйл нэмэгдсэн нь Twitter.

Аль дээр үед л хүмүүс гар утас, зөөврийн тооцоолуур гээд олон төрлийн төхөөрөмж ашиглан Twitter-т холбогдож нэг нэгэндээ мэдээлэл хүргэж, солилцож байгаа талаар уншиж байж билээ. Тухайн үед орж үзчихээд учрыг нь ойлгосонгүй юу ямар ч байсан нэх тоолгүй орхисон юм. Саяханаас миний үздэг ихэнх вэбүүд ашигладаг болохыг анзаарсан бас юм л бол мэдээн дээр гараад байхаар нь туршвал их таалагдсан гэж... Заримдаа энэ блог дээрээ тавихад багадаад байдаг энгийн л нэг "Чи юу хийж байна" гэдэг асуултанд хариулж болохуйц бага сага зүйлсээ тавиад байх боломжтой юм билээ. Ер нь хүмүүс хоорондоо мэдээлэл солилцох хамгийн хялбар технологи юм шиг санагдсан. Цаашид улам идэвхитэй ашиглана гэж бодож байгаа. Олон зүйлийг ч түүгээр дамжуулан авч байна. Миний хувьд Gwibber гээд програмыг Үбүнтү дээрээ ашиглаж байна.

Хараад байхад манайхан их технологижсон байх юм. Twitter дээр манайхаас хэдэн ч хүн байдаг юм бүү мэд, ямар ч байсан миний мэдэх бас дагадаг хэдийг нь дурдвал УИХ-ын гишүүн, Датакомын гэдгээр нь хүн бүр мэдэх Д.Энхбат, УИХ-ын гишүүн Тэмүүжин, манай шинэ ерөнхийлөгч Элбэгдорж гээд маш олон хүмүүс байна. Бүр Өргөө кино театраас шинэ мэдээ мэдээлэл хүргэх үүндээс өөрийн орон зайг ч үүсгээд авсан байх юм. Хэдийгээр одоогоор мэдээлэлгүй байгаа ч кино сонирхдог хүмүүс байвал дагахад илүүдэхгүй болов уу. Хэрэв та Twitter ашиглаж эхлээгүй бол яг одооноос ашиглаж эхлэхийг санал болгож байна. Бүгдээрээ холбогдоцгооё.

2009-06-19

10 жилээр ухарсан мөчүүд

Ажил дээр иртэл Огоо цайндаа гарсан байв. Нэх юм бодсонгүй ширээнийхээ ард суугаад хэдэн юм шалгах гэтэл Моби дээр байрлах серверүүд рүү хандаж болохгүй, холболт асуудалтай болсон байх юм. За за гэж бодоод Огоо руу залгах гэтэл утасны сүлжээ байхгүй. Овоо том асуудал гарч дээ гэж бодонгоо хэрхэн түүнийг олох талаар хэсэг бодов. Ганц арга нь гарч ойр хавийн хоол идэж болох газруудыг нэгжих л байх юм. Удахгүй байх гэж бодсон чинь овоо их удах чинь. Их сонин мэдрэмж...

Ийм сонин мэдрэмжийг 10 жилийн өмнө л мэдэрч байсан санагдах юм. Тэр үед гар утас гэж байхгүй тул ихэнхдээ гэрийн эсвэл ажлын утсаар ажлаа төлөвлөөд, эсвэл гадуур хаана байж болох вэ гэж найзуудыгаа хайдаг байж билээ. Бас ирэн иртэл нь хүлээнэ, зөрчихвөл дараа нь бөөн юм болно... Утас халаасанд байсан ч цагнаас өөр үүрэггүй. Гадагшаа холбоогүй, гаднаас холбоогүй болохоор нэг талаараа ажил алдагдах вий гэж санаа зовох хэрнээ ажил ажил гэж яаруулах зүйлгүй болохоор цаанаа нэг л тайван. Гадуур ажилтай байсан тул тархи амарч бас элдвийг бодож амжив.

10 жилийн өмнөхтэй харьцуулбал миний амьдрал ямар хурдтай, ямар завгүй, ямар их ачаалалтай, бид хоорондоо ямар их хамааралтай болсныг тэрхэн мөчид олж мэдрэв. Өмнө нь чухал ажилгүй ч гэрийн утас ашиглаад холбогдоод, бүх юм болоод л байсан. Аав ээж маань, өвөө эмээ маань болгоод л байсан. Өмнө нь алс холоос хүмүүс хэдэн хоногоор нь захидал хүлээгээд, эсвэл залгах боломж хараад хэдэн цагаар нь хүлээгээд болдог л байсан. Харин өнөөдөр энэ бүхэн бараг мартагдаж. Өдөрт бид маш олон төрлийн технологи ашиглан маш олон хүмүүстэй харилцах хэрэгтэй болсон байх юм. Ингээд бодоход сүүлийн 10 жилд бидний амьдрал яасан их өөрчлөгдөж, ямар их технологжсон юм бэ. Бас технологиосоо ямар их хараат болсныг мэдрүүлсэн....

2009-06-16

Наранд түлэгдэв

Өнгөрсөн бүтэнсайн өдөр лагер дээрээ очиж аав ээжийн сайн хүү болохоор шийдэн, ганц нэг газар шорооны ажилд хуруу нэмэрлэв. Хаанаас нь ч харсан "шар" би бээр жаахан борлох санаатай цээж нүцгэн жаал ажилласан маань нуруу, мөр маань наран түлэгдэх үндэс болов. Хорсч байна гэж жигтэйхэн, шөнө унтахад бас их хэцүү юм гээч. Энэ мэдрэмжийг мартсаныг бодвол их удсан бололтой, бас байгалиас хол явсныг минь илчлэх мэт. Ядаж байхад энэ Огоо алгаа үрээд, инээд алдаад бас болоогүй намайгаа алгадаж хорлох, кайф авахыг их хүсч буй бололтой.

Түлэгдэлт дээрээс нь нуруунд өвчин орж, гар маань сайн атгаж чадахгүй болсон байх юм. Хэсэг бодсон боловч хэзээ хамгийн сүүлд ингэж "хүчний" ажил хийснээ санахгүй байхыг бодвол бас л их удсан бололтой. Над мэтийн суунга ажил хийдэг хүмүүс ингэж ажил хийдэггүй юм гэхэд ядаж тогтмол дасгал, бэлтгэл хийж байхгүй энэ бие мах бодь нь "цул мах" болох шинжтэй шүү.

2009-06-12

Үбүнтү 9.04 дискээ аваарай

Үбүнтү хэрэглэгч, сонирхогчдын анхааралд. Мэдээллийн Технологийн Үндэсний Паркийн 2-р давхарт Үбүнтү 9.04, Күбүтнү 9.04 хувилбаруудын дискүүдийг үнэ төлбөргүй тарааж байна. Хүссэн хүн бүхэн ирж авч болно.

2009-06-01

Чанасан мах

7 хоногийн аялал маань дуусч өнөө өглөө гэртээ ирлээ. Олон шинэ найз нөхөдтэй болж ихийг сурсан үнэхээр сайхан UDS байлаа. Ер нь хурал, ярилцах сэдэв, хүмүүс, буудал, хоол гээд бүх зүйл сайхан, гоё байсан боловч яагаад ч юм сүүлийн хэд хоног чанасан мах, бууз, цуйван бас сүүтэй цайгаа баахан санав. Уг нь бол махтай хоол унд идээд байж ингэж байгаа нь их сонин санагдаад болдоггүй. Ямар ч байсан гэртээ ирээд хоол идсэн чинь үнэхээр гоё байна шүү. Гэр ээ гэж...